Улсын Ерөнхий Прокурорын Газар
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1945 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 113 дугаар тогтоолоор "БНМАУ-ын прокурорын дүрэм"-ийг 4 бүлэг, 28 зүйлтэйгээр шинэчлэн баталсан.
1948 онд Улаанбаатар хотын прокурорын газрын харьяа Аж үйлдвэрийн комбинатын хэсгийн прокурорын орон тоог бий болгосноор Аж үйлдвэрийн комбинатын хэсгийн прокурор нь прокурор, нарийн бичгийн дарга гэсэн 2 орон тоотойгоор байгуулагдаж цахилгаан комбинат, нарийн төмөр замын байгууллагад хуулийн биелэлтийг хянах зорилготойгоор ажиллаж байсан нь одоогийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын үүсч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй.
1965 онд Улаанбаатар хот засаг захиргааны хувьд район болон зохион байгуулагдахад “Ажилчны район“ байгуулагдсан бөгөөд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны178 дугаар зарлигаар Улаанбаатар хотын 4 районы прокурорын газар шинээр байгуулагдсан.
Ажилчны районы прокурорын газар анх дүүргийн захиргаатайгаа хамт байрлаж, прокурор, туслах прокурор, нарийн бичгийн дарга гэсэн 3 орон тоотой, Сүхбаатарын районы прокурорын газартай дундаа 1 зарлага, үйлчлэгчтэйгээр ажлаа явуулж ирсэн байна.
1992 онд батлагдсан Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн дагуу хийгдсэн засаг захиргаа нутаг дэвсгэрийн өөрчлөлтөөр Ажилчны районы прокурорын газар Хан-Уул дүүргийн прокурорын газар болон өөрчлөгдөн нэрлэгдэх болжээ.
Өдгөө тус дүүргийн прокурорын газар нь 47 прокурор, ажилтны орон тоотой ажиллаж байна.